Monday, August 9, 2010

Та хүүхдээ зоддог уу?

Эцэг эхчүүд хүүхдээ санаатайгаар алгаддаггүй. Заримдаа хэт их уурлан өөрийн мэдэлгүй алгаддаг. Насанд хүрсэн хүмүүс тэвчээр нь алдагдан, хэт ядарч эсвэл үүнээс өөр арга байхгүй гэж үзсэн үедээ хүүхдээ алгаддаг. Зурагтаа унтраа гэж хэд дахин хэлсэн ч үгэнд орохгүй байгаа хүүхдээ аав нь алгадаж магадгүй эсвэл замаар гүйж байсан охиноо ээж нь юу ч бодолгүйгээр алгадаж аваад “Дахиад замаар гүйж болохгүй” гэж хашгичан загнаж магадгүй. Бүхий л эцэг эхчүүд хүүхэд нь үг сонсохгүй байх нь эвгүй хэрэг гэдгийг мэддэг. Ихэнх эцэг эхчүүд хүүхэд нь өсч томрох үед хэд хэдэн удаа зодох, алгадах хэрэг гарч байсан байх.

Сүүлийн үед авсан судалгаагаар бүхий л гэр бүлийн 25%- д долоо хоногт 1 удаа хүүхдээ алгаддаг гэж гарчээ. Мэдээжийн хэрэг бодит амьдрэл дээрхээс хэд дахин их тоо гарна. Яагаад ийм олон эцэг эхчүүд үр хүүхдээ алгадахыг сонгож байна вэ? Алгадах тустай гэж та үзэж болох ч үнэн хэрэгтээ маш түргэн хугацаанд асуудлыг шийдвэрлэдэг. 3 настай охиноо гар дээр нь цохиход тэр маш түргэн тоглоомоо хураах боловч нөгөө талаар хүч хэрэглэх нь ямар нэг асуудлыг шийдэх арга юм гэдгийг сурдаг.
Хүүхдийг алгадахад түүнд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Колумбын Их сургуулийн сэтгэлзүйч Элизабет Томпсон Герсхоп 62 жилийн турш хүүхдийн төвд цуглуулсан мэдээллүүдэд анализ хийжээ. Хүүхдийг зодож шийтгэх тусам улам зөрүүдэлж, худал хэлэх нь ихсэж, бусад хүүхдүүдтэй маргалдаж муудалцах нь нэмэгддэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зодож занчиж өсгөсөн хүүхэд зөв бурууг ялгаж мэддэггүй бөгөөд гэр бүл нь түүний гаргаж буй зан авирыг дийлэхээ больдог.
Тэгвэл алгадаж, зодохын оронд юу хийх хэрэгтэй вэ? Доорх зөвлөгөө хүүхэд алдаж осолдон, буруу зүйл хийсэн үед ч хүндэтгэн харилцах ёстой гэсэн үзлийн үүднээс өгч байгаа юм.

1. Шийдэмгий боловч эелдэг бай. Та дуу хоолойгоо өндөрсгөлгүй хэвийн өнгөөр ярьвал хүүхэд таныг улам сайн ойлгоно.
2. Хашгичихаа боль. “Би одоо маш их ууртай байна. Үүнийг дараа нь ярилцья” гэж хэлэхэд болохгүй юм үгүй.
3. Хүүхдээ сурга. Хүүхдээ муухай аашлахын оронд түүнд юу хийх хэрэгтэйг зааж өг. “Тоглоомоо гэр дотроо тарааж хаях нь бусад хүмүүст таалагдахгүй байна. Түүнээс гадна дээр нь санамсаргүй гишгэж болно. Дараагийн удаа тоглож дуусаад тоглоомоо хайрцганд нь хийгээрэй. Чамд дараа нь үүнийг сануулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?”
4. Эерэг үгээр ярилц. “Чамд шүдээ цэвэрлэж бай гэж хэдэн удаа хэлэх юм бэ?” гэж хэлэхийн оронд “За алив шүдээ угаагаарай, тэгээд надад хэл. Унтахын чинь өмнө очиж чамайг үнсье” гээрэй.
5. Заналхийлэхийн оронд тайлбарлаж өг. Хүүхдэдээ ямар нэг зүйлийг яагаад хийж болохгүйг сайтар тайлбарлаж өг. Ингэснээр хүүхэд тань сурна.
6. Уур уцаараа барь. Хүүхдэдээ уурлаж дүрсхийхийн оронд хийсэн буруу зүйл нь түүнд шинэ зүйл заах боломж гэж бодоорой.
7. Түүнийг сайшааж хөдөлгө. “За явах боллоо шүү. Сүүлийн удаа ахиад нэг гулгачих, тэгээд гэртээ очоод сайхан хоол хийж идье” гэх зэргээр хүүхдээ урамшуулаарай.
8. Уян хатан бай. Хүүхэд тань “Явахынхаа өмнө энэ нэвтрүүлгийг үзээд дуусгая. Жаахан үлдлээ” гэж гуйхад нь та зөвшөөр. Та цаг завтай үедээ түүний хүсэлтийг биелүүлж бай. Энэ нь хүүхдэд бусадтай харилцан ойлголцож сурах боломж юм.
9. Загнаж зандрахаа боль. Хүүхдээ загнаж, хүчлэхээс илүү хэрэггүй таагүй зүйл байхгүй. Та “Алив хоёулаа нэг зүйл ярья. Би чамд цэвэрхэн цамц өмсүүлэх гэж байхад чи хуучин, хиртэй цамцаа өмсөх гээд байх юм. Яах вэ?” гэж хүүхэдтэйгээ зөвлө. Хэрэв та өөр ямар нэг санал болговол бие биеэ илүү сайн ойлгоно. Түүнээс гадна та зарим үед түүнтэй зөвлөлдөн асуудлаа шийдэж байгаарай.
10. Ухаалаг бай. Эцэг эхчүүд тус болохгүй байгааг нь мэдсээр байж өнөөх аргаа хэрэглэсээр л байдаг. Арга чаргаа бараад ч болохгүй байгаа бол өөр үр дүнтэй аргыг олоорой.

No comments:

Post a Comment