Monday, September 15, 2014

ШАЛГАЛТАД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ

ШАЛГАЛТАД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ АНУ-ын Миссури Их сургуулийн профессор К.Файнс доорхи зөвлөгөөг өгч байна. Хуулийн оюутны шалгалт бусад салбарыг бодвол их өвөрмөц болохоор энд зориуд хуулийн гэдгийг тодотгож байгааг анзаарсан билээ. Ерөөсөө шүүхийн өмнө үйлчлүүлэгчээ хамгаалаад зогсоход ч, хэн нэгэнд хуулийн зөвлөгөө өгсөн ч хуульчийн гол зорилго нь хүнтэй харьцах байдаг. Үр бүтээлтэй харьцааны гол түлхүүр нь сайн бэлтгэл юм. Үүнд чиний ЗОРИЛГО юу вэ гэдгийг мэдэх, тухайн САЛБАР-аа мэдэх, мөн чиний ХАРИЛЦАГЧ хэн бэ гэдгийг мэдэхээс үр дүнд хүрэх эсэх чинь хамаарна. Зорилгоо мэдэхүй Хуулийн сургуулийн шалгалтад чиний олон талт мэдлэг чадварыг шалгах бөгөөд хууль тогтоомжийн мэдлэг үүний нэгхэн хэсэг нь л юм. Гол шалгуур нь юуны түрүүн: - Дүн шинжилгээ буюу анализ хийх чадвар . Заасан богино хугацаанд өгөгдсөн бодлогоос хир олон асуудлыг илрүүлж, ялгаж гаргаж чадах нь чухал юм. Зарим оюутнууд суурь асуудал руу анхаарлаа хэт хандуулаад гагцхүү өөрийн чухал гэж үзсэн зүйлүүдийг бичиж ингэснээрээ их алддаг. Эсвэл нэг асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй юм гэж үзээд нөгөөг нь огт нягтлалгүй, дурьдалгүй өнгөрөх тохиолдол гардаг. - Мэдлэг, ойлгоцын түвшин. Хуулийн заалтыг мэдээд зогсохгүй түүнийг өмнө чинь байгаа тухайн хэрэгт хэрхэн хэрэглэхийг мэдэх нь чухал. Үүнд зөв, логиктой зүйлчлэх, учир шалтгааныг зөв олж илрүүлэх, хуулийн заалт хоорондын уялдааг гаргах, олон талаас нь шинжлэх чадваруудыг шалгах болно. Хэрэгт өгөгдсөн үйл явдал бүр эрх зүйн хувьд ямар нэгэн ач холбогдолтой байдгийг сана. Фактуудыг ашиглах, гагцхүү түүн дээр үндэслэх, эрх зүйн ямар нэг дүгнэлт гаргахгүйгээр фактыг хоосон давтахаас зайлсхийх зэргийг мөрдлөг болго. Нөгөө талаас шууд дүгнэлтүүд гаргах гэдэг нь маш түгээмэл алдаа. - Маш энгийн гаргалгааг ч логик дэс дараалалтай тайлбарлаж чадах нь чухал. Эрх зүйн зарчим, ойлголтуудыг цэгцтэй нямбай тодорхойлж чадах, бичлэг чинь далд утгагүй, тодорхой, бүрэн дүүрэн байх ёстойг бүү март. - Өөрийгөө шалгах. Ихэнх оюутнууд бичсэн зүйлээ эргээд шалгадаггүй, ингэснээрээ их алддаг. Ингэхдээ өөрийнхөө алдаж болох зүйл, сул талуудаа сана, эргээд нягтал. Нийт бүтэц зохион байгуулалт хэр болсныг дахин хар. Салбараа мэдэхүй Эрх зүйн мэдлэг шалгалтын гол хувийг эзлэх нь мэдээж. Нэг талаас хичээл заасан зүйлийг цээжээр мэдэхдээ бус ашиглаж, шийдэлд хүрэхэд хэрэглэж сурах нь асар чухал. Онолын мэдлэгээ бодит, амьдралд гарч буй хэрэг дээр ашиглаж, шалгаж үз. Үүнийгээ цаасан дээр буулгаж чадах нь бүр ч ач холбогдолтой. Байж болох бодлогуудыг үзэх, хийсвэрлэн шинжлэх, багшаасаа асуух зэрэг нь чухал. Нөгөө талаас хуулийн зүйл заалт, уялдаа холбоо, хуулийн цаана буй бодлого, зарчмуудыг мэдэх хэрэгтэй. Үүнээс гадна өөрийн мэдлэгээ зөв бүтэц зохион байгуулалтад оруулж, товч хэрнээ бүрэн, тодорхой хэрнээ бүрэн нэгтгэх чадвар байх хэрэгтэй. Харилцагчаа мэдэхүй Багш бүр адилгүй байдаг. Багш бүр нэг хичээлийг бусдаас илүү онцолж үзэх, эсвэл нэг салбарт илүү нарийн мэргэшсэн байдаг. Зарим багш хуулийн үүсэл, суурь зарчмыг ойлгоход илүү анхаардаг бол зарим нь хэрэглэх арга замыг нь илүү үздэг. Тэгэхээр тухайн багшийн онцлог хандлагаас шалгалтад юуг чухалчлах нь харагдана. Өмнөх жилүүдийн шалгалтын материалыг үзэх, шалгалтанд тавих багшийн шаардлагыг анхаарах, ахлах ангийнхнаас асуух гээд боломжууд байдгийг анхаараарай.